Тооноор буусан наран дээр
Хормой хумин
Торгоны хээ залгуулан
Учрал бэлгэдэн ижий нь
Эцгийн нь дээлийг оёно.
Өөдрөг явахыг зөгнөж
Өвдгөөрөө энгэр захыг нь түшнэ
Тоонын шигшиг дуурайлган
Торгон мяндас нар зөв даллана
Үйл бүтээхийн сэтгэл төвлөж
Үүлэн сүүдрийг мартахын цагт
Үр нь мөлхөж босго даван
Үүлгүй тэнгэрээр татуулж босно
Гэрийнхээ доод бүслүүрээс дэмжиж
Гишгэж анх үзнэ үр нь
Хөхөө гэнэт чим хийхэд
Хүүгээ үгүйлж сэрдхийнэ эх нь
Миний хүү хаана байна гэж
Мэлтэн хөх тэнгэрт дуугаа цацна
Бадрангуйн хаан наран үнсэн жаргадаг
Баруун хатавчин тушаа
Бойтогны нь хонх торчигнон
-Аан- гэж хүү нь дуугарна
Амраг эхийн нь хөх чинэрнэ
Чигчийн чинээ хүүгийн нь
Чимээ зуурхан алдарна
Үрээ л гэдэг ижий нь
Үйлэн шаглаа төөрнө
-Миний хүү хаана байна? гэж
Мяндас ээдрээн дуугаа цацна
Өрхний хоёр оосор үүрээр учирдаг
Өрлөг наран үдэд хажуулдаг
Алтан хоймор тушаа
-Аан- гэж хүү нь дуугарна
Ангир ижий нь хөх ивэлнэ
Хуруун чинээ үрий нь
Хонхны дуу хэсэгхэн алдарна
Зүстэй торгоны дуу хэрэлдэж
Зүүний нь үзүүр бүдэрнэ
-Миний хүү хаана байна? гэж
Мэлмий юугаа дүрлийлгэн дуудна
Тогоотой өрм дүүрэн саранг дуурайн загсаж хонодог
Тоостын шар наран, мэлтэгнэн ургадаг
Зүүн хаяа тушаа
-Аан- гэж дуугарангаа
Газрын нар мэт хүү нь
Үүдээр шагайна
Гайхамшгийг үүдэгч эхийн хөхнөөс
Сүү аяндаа асгарна
Энхрийхэн нялх хүний үр
Эхийнхээ дуунд уяатай хөлд орно
Налгар цагаан гэрээ тойрсон анхны мөр нь
Нар сарны тэгийг зурна.
( 1980он )
No comments:
Post a Comment