Monday, May 19, 2014

"Монголчууд бид Монгол хэлээ мэдэх үү?"


           Эх хэлний минь дархлаа суларч, их үндэстний дархан байдалд заналхийлсээр. Одоогийн бидний амьдарч байгаа энэ зуунд бүх зүйл хуучин хэлбэрээ халж, улам дэвшилтэт боловсронгуй болон хөгжсөөр. Үүнтэй зэрэгцэн хүмүүсийн үйл ажиллагааны чухал хэсэг, үндэс нь болох хэл соёл маань ч улам боловсронгуй болж байх шиг. Гэвч бас тийм биш, сайны хажуугаар саар гэгчээр олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд, хүмүүсийн ярилцах хэрэгцээ шаардлага нэмэгдэхийн хэрээр янз бүрийн олон хүчин зүйлээс шалтгаалсан сөрөг үр дагаварууд урган гарсаар. Энэ нь сонгодог монгол хэлний дархлааг бага багаар алдагдуулж байна. Хэлний дархлаа гэдгийг би ухаандаа эх хэлнийхээ үеэс үед эрхэмлэн хадгалж дамжуулсан дагшин байдал, цааш хөгжих  үйл явц гэж ойлгодог.


Хэл, хил, мал гуравтайгаа байхад Монгол баян гэж дээдсүүд нэгэнтээ сургамжлан захисан байдаг. Мал сүрэг уудам нутгаар бэлчиж, дархан хил амар тайван байхад эх хэл соёлдоо өөрсдөө халдан түрэмгийлж, устах аюулруу хөтлөх нь юуны учир вэ?. Үүнд олон хүчин зүйл нөлөөлнө. Хамгийн гол нь Монголоо гэх сэтгэлтэй, монгол цустай хүн бүр унаган монгол хэлээ онгон дагшинаар нь хайрлан хамгаалж, зөв зохистой хэрэглэж, хойчдоо залгамжлуулах ёстой юм. Тэгтэл бид бага балчир, хөгшин хөвөө, дарга, цэрэг ялгалгүй бурууг буруу ярьж, буруу сонсож, буруу зохиож, буруу сэтгэсэн нийгмийг бид өөрсдөө байгуулчихаад, зөв гэж тунхаглаад түүнрүүгээ л зүтгээд байх шиг. Ийм нийгмийн тэр болгоныг дурдаад дуусашгүй ч их хэдий ч “агуу том модыг ургуулахад ганц л үр хангалттай”-н адил хүн бүр дор бүртээ ухамсарлан, хамтдаа хичээгээд бага багаар, бүр нэг нэгээр нь зөв хэвшүүлж, эх хэлээ эмчилвэл юухан байхав. Үүний тулд хамгийн түрүүнд нийгмээсээ нэг алхмын түрүүнд явж, хөтөчлөх хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, тэр дундаа сэтгүүлчдийн үзэг нь хурц, үг нь мэргэн байж, эх хэлээ төгс эзэмшсэн байхад ард түмэн аяндаа түүнээс суралцана. “Ард түмэн сэтгүүлчийн үгээр ертөнцийг танимой” хэмээн алдарт яруу найрагч Б. Ринчин гуай хэлсэн байдаг шүү дээ.

Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг телевиз, сонин, радионуудад нэвтрүүлгийн болоод эх хэлнийхээ соёлыг зөв авч явж буй нь ховорхон. Бусад нь муу гэж хэлэхгүй ч, азаар ч юм уу? арын хаалгаар ч юм уу? орсон чанаргүй эсвэл мэргэжлийн бус боловсон хүчин ажиллаж байгаа нь үзэгч, сонсогчдод хэл найруулгын алдаа ихтэй нийтлэл нэвтрүүлэг хүргэсээр л... Нүд, чихэнд буруу гэж мэдэгдэхээ больтол хэвшүүлсээр л. Ойрын жишээ дурдвал:  “Цагийн хүрдтэй хамт байсанд баярлалаа” ( МҮОНТ ) гэдэг. Энэ нь хүн яриандаа амьтан болон хүнтэй хамт байна гэж ярьдаг болохоос амьгүй зүйлтэй хамт байна гэж ярьдаггүй. Тиймээс “цагийн хүрдээ тухлан үзсэн танд баярлалаа” гэж хэлчихвэл болох юм шиг.

Эх хэлнийхээ манаанд хамгийн хариуцлагай зогсох ёстой сэтгүүлчид энэ мэтчилэн алдалгүйгээр мэдлэг сайтай байж, ард түмнээ зөв хэл найруулгатай ярианд хэвшүүлж чадвал аяндаа баялаг сайхан монгол хэл минь улам цэцэглэн хөгжих биз ээ.

No comments:

Post a Comment