Наадмын өмнөх үсэргээнд унаач хүүхдүүдийн гийнгоон дуу
уул толгодыг сэрээнэ. Тэдний дундаас
уянгалаг цээл хоолойтой охин хүүхдийн дуу дийлэн цангинахад нутгийн хүмүүс
аавыгаа дуурайсан сүрхий дуучин болох нь ээ гэж ярилцана. Тэр жаахан охин бол цагтаа
Жалханцхутагтын баруун гарын дуучин явсан Дэчинсандуй дуучны охин Надмид билээ.
Багаасаа авьяас нь илэрсэн жаахан охин Тосон уулаа бараадан хонь хургаа хариулж
явахдаа хавь ойрын хүмүүсийн сайхан дуучин Цогзолмаа гэж ярилцахыг сонсоод
Цогзолмаа болж хонины бэлчээрт дуулахад ээж нь “Миний охин Хандмаа болжээ” гэж
өхөөрддөг байжээ. Хандмаа гэдэг нь тэр үеийн хүмүүсийн дуучин хүнийг нэрлэдэг
нэр байсан гэнэ.
Өдгөө ард түмний дунд Дархад дууны мастер гэж алдаршсан
дуучин Надмид дөчин тав, зургаан жил дуулсан гэхэд сайхан хоолой нь хэвээрээ.
Тэрээр анх 26-тайдаа “Улсын тэргүүний дуучдын уралдаан”-д орж шалгараад УАДБТ-т
1962 онд оржээ. Олон олон уралдаанд оролцож шагнал хүртэж байсан ч гавъяатын
тэмдэг түүний энгэрийг цоолоогүй юм. Гэвч Надмид дуучин бол ард түмнийхээ
дундах гавъяат аваагүй олон гавъяатуудын нэг.
“Тосонгийн орой тоосроод байна
Тогтож суухаа байлаа” гэж дэлхийг уяраасан монгол аялгуу
бол яахын аргагүй Надмид гуайн бүтээл. Энэ дуу, энэ дуучин дэлхийд танил болсон
түүх бас их сонирхолтой. Ардын дуу авч бүтээл хийдэг Энигма хамтлаг Надмид
дуучны зөвшөөрөлгүйгээр дууг нь авч ашигласан нь дэлхий даяар “Тосонгийн орой”
дууг мэдэх эхлэл болжээ. Уг нь энэ дуу анх: Тосонгийн
орой тоосроод байна
Тосоо идмээр санагдаад байна
Мандалын орой манараад байна
Махейраа идмээр санагдаад байна гэдэг үгтэй ардын уртын
дуу байжээ. Гэтэл Надмид гуай ахтайгаа хэлэлцэн үг, аяыг нь өөрчилж өөрийн
бүтээл болгожээ. Гэсэн хэдий ч оюуны өмчийн газраас албан ёсоор зохиогчийн эрх
авч өөрийн мэдлийн бүтээл болгохыг нэг их тоосонгүй.
Манай улсын зохиогчийн эрхийн эрх зүйн заалтад бүтээл
өмнө бүтээгдсэн аливаа бүтээлд тулгуурлаж, түүнийг оюуны бүтээлч хөдөлмөрөөр
засварлах, найруулах орчуулах, хөрвүүлэх, хураангуйлах, эмхэтгэх болон бусад
хэлбэрээр өөрчилж, шинээр бий болгосон бүтээлийг үүсмэл бүтээл гэж нэрлээд зохиогчийн эрхээр хамгаалах бүтээлийн
тоонд оруулдаг байна. Тиймээс ч Надмид гуайн хувьд энэ бүтээл зохиогчийн эрх
үүсгэж, баталгаажихуйц бүтээл учир хуулиараа явсан ч заргаа авах л байж. Гэвч
түүнд үүнээс илүү хялбар бас хүчирхэг арга байсан нь түүний чадварлаг дуу
хоолой юм. Тиймдээ ч Энигма хамтлагийнхантай заргалдаж өөрийн талд шийдүүлээгүй
ч түүнд заяасан төрмөл чадалтай хоолой нь элдэв заргагүйгээр “Тосонгийн орой”-г
өөрийнх нь болохыг баталжээ. Түүнийг
2003 онд Энигма хамтлагийн урилгаар 10 гаруй хотоор хамтарсан тоглолт хийхэд нь
том дуучин иржээ гэж шагшиж байсан гэдэг. Гэсэн ч тэрээр их л даруухан загнаж
“Энигма намайг дээшээ гаргасан ” гэж ярих ч үнэндээ түүний өөрийнх нь гайхалтай
хоолой л түүнийг дэлхийд таниулжээ.
Энэ бол монгол хүний, монгол түмний олон үеийн агуу
өмчийг аль газрын хэн ч, яаж ч хулгайлж чадахгүйн нэгэн тод жишээ юм.
Эгэл даруухан хэрнээ эгэлгүй хоолойтой монгол бүсгүйн
Тосон уул нь насад түшиж, “Тосонгийн орой” нь мөнхөд эгшиглэг ээ.
No comments:
Post a Comment