Friday, May 16, 2014

Нэр үг бүтээх "-лт" дагаврын буруу хэрэглээний тухай



-ЛТ дагаврыг хэтрүүлэн хэрэглэж буй тухай
Монгол хэлний жинхэнэ нэр тоо, тийн ялгал, хамаатуулах нөхцөлөөр хувилдаг. Энэ шинжээрээ бусад аймгийн үгсээс ялгаатай. Нэр ба үйл үгийн идэвхтэй язгуур үндсэнд дагавар залгах, үг үндэс хоорондоо хоршин нийлэх аргаар жинхэнэ нэр бүтдэг. Нэр үг бүтээх дагаврыг зөв хэрэглэх, түүний утгыг сайтар ухаарах, илтгэх өнгө аясыг нарийн нягт тунгаасны дүнд хэрэглэх нь маш чухал юм.
Дагавар гэдэг нь үгийн язгуур ба үндсэнд залгаж, шинэ үг бүтээх үүрэгтэй залгавар бүтээвэр юм. Төсөөтэй дагаврыг ялгааг анзааралгүй, нэг дагаврыг бүх юманд залгах алдаа гарсанаар найруулга суларна. Тухайлбал: Үйл язгуураас нэр үг бүтээх “-лт” дагавар - ыг хэтрүүлэн хэрэглэж байна.
-ЛТ дагавар нь “үгүй” гэдэг үгтэй холбон хэрэглэгдэж болно.Жишээ нь: Санаа зоволт үгүй, хязгаарлалт үгүй гэх мэт.
Монгол хэлэнд ялалт, ололт, амжилт, дүгнэлт, сургалт, байгуулалт, асуулт, уулзалт гэх мэт оновчтой үүсгэсэн үг олон. Өдөр тутам, хаа сайгүй хэрэглэж буй жишээнүүдээс дурдвал:
·         Сургуулийн өмнөх насны хүүхдүүдийг цэцэрлэгт бүрэн хамруулах БСШУЯ-ны бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор 5-6 настай хүүхдүүдийн сургалтын төлбөр хямдарлаа.
·         Түүний сандарч байгаа байдлаас харахад энэ уулзалт түүнд ямар чухал болохыг ухааран үйлчлүүлэхийг зөвшөөрөв.
·         Өмнөд Солонгосын “Big Bang” хамтлагийн дуучин Tae Yang хоёр хоног үргэлжилсэн “Solar” хэмэээх бие даасан тоглолтоо амжилттай хийсэн. Эхний өдрийн тоглолт бүх насныханд нээлттэй байсан бол дараагийн өдөр болсон тоглолт нь 18 болон түүнээс дээш насныханд зориулсан байв гэхчлэн оновчтой жишээнүүд олон. Гэвч төмс услах - төмсний ургалт, газар бордох - газар бордолт, тариалан услах -  тариалан услалт, гэрлэх - гэрлэлт, төрөх - төрөлт, худалдан авах - худалдан авалт гэх зэргээр зүй бус нэр үг үүсгэн хэрэглэж буй тохиолдол их болжээ.
-ЛТ дагаврыг буруу хэрэглэж буй жишээнүүд:
Зургаан сар тутамд мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч, аль болох витаминлаг, минераллаг хүнс хэрэглэж, хооллолтоо зөв тохируулвал урьдчилан сэргийлэлт болж чадах юм.
®   Хооллолт гэдэг буруу хэлбэржсэн үгийн оронд “хоол хүнсээ”,”хооллох цагаа” гэх мэтчилэн тохирох үгээр солин найруулж болно.
®    Сэргийлэлт болох гэдгийг “сэргийлж” гэж найруулна.

Шүдний цооролтын гаралтай өвчин гэдэгт шүд цоорох өвчин ба түүний хүндрэлүүд орно. Үүнд:  1. Шүд цоорох өвчин
            2. Шүдний зөөлцийн үрэвсэл
            3. Шүдний холбоос эдийн үрэвсэл
            4. Ясны хальсны үрэвсэл
            5. Буглаа, нэвчээс, эрүүний ясны үрэвсэл гэсэн дарааллаар хүндэрдэг.
®    Шүдний цооролтын биш “шүдний цоорлын” гэвэл зөв болно.
Хуримын дараа гэр бүлийн жирийн амьдрал эхэлдэг. Зарим гэр бүл яагаад харицаа нь улам бүр хөндийрөөд байгааг ойлгодоггүй, урсгалаар явсаар нэг л өдөр салалтанд хүрдэг.
®    Салалт – сал гэдэг үг үйл язгуураас нэр үг бүтээх –лт дагавар авсан хэрнээ үйл үг хэвээрээ байгаа учир буруу хэлбэржсэн.
Хувцас өмсөлтөнд жижиг анзаарагдамгүй мэт хэсгүүд хамгийн шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг юм. Яг тйим өчүүхэн зүйлүүд л хүний дур сонирхлыг тодруулж өгдөг шүү дээ.
®    Хувцас өмсөлт – хувцас өмсөх гэвэл зөв найруулга болох юм.
Энэ жилийн “Намрын ногоон өдрүүд”-д оролцогчдын тоо 600 гаруй болж нэмэгджээ. Тэдний дунд хот, хөдөө орон нутгийн хүнсний 60 гаруй үйлдвэр, төсөл хөтөлбөр,
150 гаруй хоршоо, иргэн, аж ахуйн нэгж, 400 гаруй ногоочин оролцсон байна. Энэ үеэр аж ахуй нэгжүүдэд багагүй хэмжээний борлуулалт хийх боломж олддог.
®    Борлуулалт хийх гэхийн оронд “борлуулах” гэвэл зохистой.
Дэлхийн Оюутны аварга шалгаруулалтын боксын IY тэмцээнийг спортын төв ордноос шууд дамжуулна.
®    Шалгаруулалтын биш “шалгаруулах” гэвэл зөв найруулга юм.
Таргалалт нь хөдөлгөөн дутсанаас эсвэл хоол унднаас гэсэн хоёр шалтгаанаар үүснэ.
®    Таргалалт биш “таргалах” гэх ёстой. Таргалалт гэдэг нь өөрөө нэр үг бүтээх –лт дагавар авсан хэрнээ үйл үгийн утга илэрхийлсэн хэвээр байгаа юм.
Шүд гүн цоороход халуун, хүйтэн, исгэлэн, чихэрлэг зүйл идэхэд мөн цоорлын хөндийд хоол хүнсний зүйл ороход богино хугацаанд өвдөлт өгдөг.
®    Өвдөлт өгөх гэж байхгүй бөгөөд “өвддөг” гэвэл тохирно.
Улаанбаатар хот дахь тоосжилтын хэмжээ олон улсад зөвшөөрөгдөх дээд хязгаарас 2-3 дахин давсан үзүүлэлттэй байдаг ажээ.
®    Тоосжилт – нэр үндсэн дээр үйлээс нэр үг бүтээх –лт дагаврыг залгаж зүй бус үг үүсгэсэн. Тоосжилтын хэмжээ биш “тоосны хэмжээ” гэвэл найруулга зөв болно.
Нойргүйдэлт сэтгэл санаа болон физиологиос гэсэн хоёр төрлийн үндсэн шалгаанаас үүсдэг.
®    Нойргүйдэлт – нойргүйдэх байвал зохистой.
Хардалтын дэмийрэл нь ихэвчлэн эхнэрийнхээ/нөхрийнхөө/ алхам бүрийг хянаж, өөрийн хүсэл хэрэгцээнээс ялгах чадваргүй үед үүсч бий болдог.
®    Хардалт – хардах гэдэг үйл үгэнд нэр үг үүсгэх дагавар залгасан атал нэр үгийг илэрхийлэхгүй байна. 
Дээрх жишээнүүдээс үзэхэд хүмүүсийн хоорондын яриа, телевиз, радио, сонин сэтгүүл гэх мэт бүхий л мэдээлэл харилцааны хэрэгсэлүүд үйл үгээс нэр үг бүтээх –лт дагаврыг буруугаар хэтрүүлэн хэрэглэж улмаар уусган хэвшүүлж байна. Энэ нь уг дагаврыг ямар язгуур үндсэнд залгах талаар монгол хэлний үг бүтэх ёсыг харгалзахгүйгээр дуртай үгэндээ залган хэрэглэж буйгаас болж энэ алдаа үүсэж байгаа юм.

СУИС- Радио Телевизийн сургуулийн Сэтгүүлчийн 2В ангийн оюутан Б.Хишигзаяа

No comments:

Post a Comment